2013/01/12

Америкийн баруун эрэг



     Америкийн баруун эрэг бол хамгийн их глобалчилагдсан мужуудын нэг бөгөөд тэр ч утгаараа байхгүй зүйл байхгүй гэдэг үг жинхэнэ утгаараа хэрэгждэг газар. Цаг агаарын нэн тааламжтай байдлын ихээхэн нөлөөгөөр ч тэр үү орон болгоноос урсан ирж “Америк” болох гэсэн хүмүүсийн хамгийн ихээр төвлөрдөг газруудын нэг. Олон соёл, техник технологи гээд маш олон ялгааг харсан боловч тэр дундаас хэдхэн зүйлийг л онцолж бичэхээр шийдэв.

     Universal Studio – Бага балчир наснаасаа л кино эхлэхийн өмнө явдаг тэрхүү ая нь зүрхэнд гүн хоногшсон бөгөөд энэ удаа тэрхүү телевизээр л хардаг зүйлээ амьдаар нь харна гэхэд гайхалтай санагдаж байв. Universal Studio хэмээх том паркт бүх төрлийн тоглоом, шоу, жүжиг, кино гээд л төрөл бүрээрээ мөн бүх насныханд зориулснаар байдаг бөгөөд миний хувьд хамгийн гайхалтай санагдсан нь зураг авалтын талбайгаар аялах байв. Дэлгэцээр үздэг маш олон киноны шууд зураг авалтын талбайгаар аялах бөгөөд үзэж буй хүмүүст зориулан тухайн киноны хэсэг тухайн талбай дээрээ тоглож байх жишээтэй. Сөнөсөн онгоц, нурсан байшин, эзгүй арал гээд л яг л кино ертөнцөөр аялаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд би хэрвээ бага байхдаа ирсэн бол үзсэн бүх киногоо бодит гэдэгт хэнтэй ч маргахгүй шууд итгэхээр байсан байх. Жишээ нь, Грийнчийн (Grinch) амьдардаг хот болох Whoville тэр чигээрээ байх бөгөөд хотын хүмүүс яг л тэндээ амьдардаг юм шиг дуулж бүжиглэн байцгаана. Бүх зүйлийг маш бодитоор хийсэн бөгөөд эсвэл бүр жинхнээсээ Whoville байдаг юм байна гэж бодмоор. Ганц Грийнчээр тогтохгүй маш олон гайхалтай кинонуудын хэсгүүдийг яг тэр чигээр нь үлдээсэн байх бөгөөд зарим 4-D хэсгүүд бол бүр гайхалтай. Жишээ нь та жуулчны автобусан дотроо явж байхад гэнэт автобус чинь доргиж савлах бөгөөд аврага том махчин үлэг гүрвэл гарч ирээд танируу ус үсчүүлэн дайрахад Кинг Конг гарч ирэн таныг аврах боловч автобус чинь хавцалруу унаж та ширэнгийн модон дээр дүүжлүүрдэн тогтоно. Мэдээж ширэнгэн ойд та байгаа учир хөлөөр чинь дүүрэн шавьж хорхойнууд гүйлдэх ба би лав хөлөө суудал дээрээ аваад суусымдаг /хаха/. Яг энэ мэтээр үнэхээр гайхалтай хийсэн 4-D, 5-D орчинг орчин үеийн технологийг гайхамшигтайгаар ашиглан хийсэн. Тэрхүү том парк нь тэр чигээрээ үлгэрийн орон бөгөөд Спонж Боб таньтай мэндлэн хажуугаар тань өнгөрөхөд аварга том трансформерсийн робот таныг машинтай чинь аваад шидчих энгийн үзэгдэл. За тэгээд тэр бүхнийг би бичнэ гэвэл боломжгүй та өөрөө тэгэж авч шидүүлэхээс нааш миний юу хэлэх гээд байгааг тийм сайн ойлгохгүй л болов уу. Нэг үгээр дүгнэвэл үлгэрийн оронг үнэхээр бүтээж чадсан бөгөөд түүнийгээ бас бизнес болгож чадсан газар.

    Las Vegas – Энэ үг таны тархинд шоу цэнгээн гэдэг утгаар бууж байгаа байх харин миний тархинд мөнгөний машин гэдэг утгаараа буудаг болсон. Бас л нэг төрлийн насанд хүрэгчдийн үлгэрийн оронг бүтээсэн газар бөгөөд бас нөгөө утгаараа хүний мөнгийг хэрхэн үрүүлэх вэ гэдгийг маш сайн шийдсэн газар. Энэ газрын тухайд бол өөр миний олон таван үг хэрэггүй л болов уу. Бүх хүмүүс инээж ирээд урвайгаад буцдаг мөртлөө дараа дахиж ирэхдээ өмнөхөөсөө илүү их мөнгөтэй ирэх ёстойм байна гэдгийг ойлгоод буцдаг нь инээдтэй ч юм шиг. Аа гэхдээ хүмүүсийн нэг буруу ойлголт болох шоу цэнгээн байгаа газар хэрэг төвөг үүсдэг гэдэг буруу ойлголтыг энд бас их сайн засаж чадсан нь авууштай юм шиг санагдаж байсан.


     Grand Canyon / Hoover Dam – Хүмүүсийн хамгийн сайн мэдэхээр нь Трансформерс кинон дээр гардаг аврага том усан цахилгаан станц болох Hoover Dam нь бас надад олон зүйлийг бодогдуулсан газар байв. 1931 – 1936 оны Америкийн эдийн засгийн их хямралын үеэр одоогийн ханшаар 821 орчим сая доллар, 100 гаруй хүний амь насыг золин байж барьсан Невада болон Аризона мужуудыг зааглан орших тус байгууламж нь өнөөдөр жилдээ 4.2 тэрбум килловат цаг эрчим хүчийг хөрш хоёр муждаа хүргэдэг байна. Тухайн үед маш олон Монгол, Хятад ажилчид байсан учир ажилчдын тоог хязгаарлаж байсан гэх мэдээлэл байдаг нь бас хачирхалтай. (Wikipedia) За цаашаа яваад Grand Canyon дээр очсон бөгөөд байгалын бас нэгэн гайхалтай тогтоц. Өнөөх Hoover Dam-аар дамжин өнгөрдөг Колорадо голын маш удаан хугацааны турш хийсэн ажил нь гэж хэлж болно /хэхэ/. Мэдээж яаж ийм сайхан зүйлийг “үнэгүйдүүлээд” байлгаад байхав жуулчны бааз байгуулан байнга тойрч явах автобус гарган бас л нэг “мөнгөний машин” болгоод авсан байх жишээтэй.


    Academy of sciences / Exploratorium – За аялал маань Сан Франциско хотоор үргэлжилсэн бөгөөд олон музейнүүд дундаас энэ хоёр музейг онцлон хүргэе гэж бодлоо. Academy of Sciences нь нэрнээсээ ойлгомжтойгоор шинжлэх ухааны музей юм. Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн ховор амьтдыг харж болохоос гадна надад шинжлэх ухааны сүүлчийн ололтуудыг харуулдаг нь сайхан санагдав. Өнгөрсөн долоо хоногийн газар хөдлөлтийн мэдээллээр мэдээж 3-D хэлбэрээр таньд газар хөдлөлтийн шалтгаан болон орчин үеийн дэвшлийг 30 минутанд хангалттай сайн харуулах бөгөөд зүгээр 2-D дэлгэц дээр ийм ийм байна гээд харуулах нь ичмээр хэрэг гэдэг нь тодорхой. 1906 онд Сан Франциско хот 80 орчим хувиа газар хөдлөлтөнд сэгсэрчихсэн болохоор түүнээс хойш энэ салбарыг хөгжүүлсэн нь тодорхой. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэгчээр одоогийн хотын төв ордон нь газар хөдлөж тухайн байгууламжыг 66 см хэртэй газраар чирсэн ч бутраад унахгүй үлдэх чадвартай гэж байгаа юм. Мөн энэхүү хотын төв байгууламж нь дэлхийн 5-д орох хамгийн том бөмбөгөр дээвэртэй байгууламж бөгөөд дотор нь орох гэж бас юм хум шалгаад байсан нь Цагаан Ордонд орж үзэж байх үеийг санагдуулж байсан. /Цагаан ордонд ороход ямар байсан талаар дараа бичиж магадгүй./ Дараагийн музей нь Exploratorium бөгөөд мөн ч шинжлэх ухааныг гэхдээ хүүхдүүдэд илүү ойлгуулах гэж хичээсэн юм шиг санагдсан. Дандаа шинжлэх ухааныг тоглоом хэлбэрээр сонирхолтой байдлаар хүүхдүүдэд тайлбарласан байдаг боловч сүүлийн үед шинэчлээгүй нь харагдаж байсан. Жишээ нь ярьдаг компьпютер байх бөгөөд таны асуусан асуултанд муухан боловч дөхүүлсэн хариулт өгдөг. Магадгүй хэдэн жилийн өмнө үүнийг харсан бол гайхалтай байх байсан байх гэвч өнөөдрийн Siri-тэй үеийн хүүхдүүдэд инээдмийн тоглоом шиг санагдсан.

     Баруун эргийн аялал маань Сан Франциско хотоор ийнхүү энэ удаад түр дууссан бөгөөд онгоцны буудал орох замдаа таксины Солонгос жолоочтой ярилцаж байхад, Солонгосчууд бид нар нийлж байгаад энэ жил Солонгос хотын даргатай болсон... Чи хаана сурдаг вэ... Зөв бодол байна, улс орноо хөгжүүлнэ гэдэг чинь чамд өгөгдсөн нэг үүрэг шүү дээ... гэх мэтээр ярьж байхыг нь сонсоод бас нэг бодол төрснийг магадгүй дараа блогтоо бичих байхаа.

     PS: Энэхүү аяллын үеэр маш олон хүмүүс надад тусласан бөгөөд тэдгээр бүх хүмүүст маш их баярласнаа илэрхийлье. :)

2 comments:

  1. goy ymaa
    yvsan gazar bureesee ixiig surch medej, ter bugdee ex orniixoo xugjild xeregtei zuild n ashiglaj, ushuu olon zuiliig xiij buteene gdgt itgj bn :)

    ReplyDelete
  2. goy ymaa uzmeer sanagdaad bur horhoi hurjlee ^_*

    ReplyDelete