2013/01/19

Бага насны дурсамж - 1


     Би өөрийгөө их азтай хүнд тооцдог бөгөөд ялангуяа Монгол хүн болж ээж аавынхаа ууган хүү нь болж төрсөндөө бүр ч их азтайд тооцдог. Харин энэ удаад бага насны дурсамжинд минь дулаахнаар төөнөн үлдсэн аавынхаа нутгийн нэг хэсгийг бичье гэж бодлоо.

     Нүүрийг минь дулаахнаар төөнөх гал дээр эмээ тогоо нэрэх бөгөөд буцалж буй тогоотой аарцнаас исгэлэн боловч “чихэрлэг” үнэр хамрыг аяархан гижигдэнэ. Гадаа үхэр хааяа нэг мөөрөх боловч дөнгөж эхээ хөхөөд цадсан тугалнууд тоосон шинжгүй хашаандаа зогсоцгооно. Эмээ маань аль хэдийн нарнаас урьтаж босоод цай чанаж үнээгээ саачихаад харин одоо саальнаасаа орж ирээд тогоо тавьж байгаа нь энэ. Гадаа адуу янцгааж морин төвөргөөн сонсогдох нь том ах маань адуугаа хураан ирж буйн дохио. Харин бусад ах нар адууны хашааны унасан хэдэн шургаагийг буцаан тавиад бид нарыг дуудан орлилдох боловч, эмээ маань за юунд нь яарахав “ундаа” уучихаад гар гээд тавагтай боорцог, ааруул, өрөм, халуун аягатай сүү ширээн дээр тавина. Миний хамгийн дуртай өглөөний цай болох өрөмтэй ааруул идэж байх зуур, ах нар ахиад л алив хаачив гэж орилоход сүүнээсээ нэг балгаад ханын толгойд өлгөөтэй байгаа унаганы ногт, хазаар, чөдөр зэргийг ум хумгүй шүүрээд гүйн гарна. Энэ бол Архангай аймгийн хойд Тамирын урд хөвөө юм.

     Мал өвсөндөө цадсан цаг буюу 6-р сарын сүүл. Унаганы ногт, хазаарандаа түүртэн урд байгаа адууны хашааруу гүйх хоорондоо өөрийнхөө халтар морийг нүдээ гүйлгэн хайх боловч энэ өдөр маш олон адуу иржээ. Гайхан сайн ажиглавал тэр болгон хурааж авчраад байдаггүй хээрийн болон борын адууг өнөөдөр тууж ирсэн нь наадамдаа бэлдэж байгаа хэрэг юмсанж. Хээрийн адуу бол энэхүү 4 азарга адууны хамгийн догшин нь бөгөөд ойрын хэдэн жил бариагүй учир хашуулах ч дургүй болсон аж. Гэвч хамгийн хүчтэй, омголон бас хол газрын явдал даах сайн морьд энэ азарга адуунд олон бий. Нэгэнт хашуулж сураагүй адуу тул хоргоож байгаад уургалан авах хэрэгтэй бөгөөд үүн дээр ах нар хоорондоо бяцхан тэмцээн явуулж өрсөлдөх бөгөөд мань мэт бол хэзээ нэг ингээд адуу уургалах аз тохиох юм бол хэмээн дэмий л нүдээ бүлтийлгэн зогсоно. “Эмээлийнхээ ард суугаач” гэж томчуул ах нарт сургамжлан хааяа нэг орилох бөгөөд хэсэг ноцолдсны дараа бүх морьдыг барьж дуусаад мөн хонгорын адууг хашиж унагануудаа барьж ногтолцгооно. Хамгийн сүүлд нь Сүхээд халтар морийг нь бариад өгчих гэхэд би өглөөнөөс хойш атган зогссон хазаараа баяртайгаар барьж очино. Жилийн ихэнхи цагийг дур мэдэн тал нутгийг хөндлөн давхиж өвсний шимтэй усны тунгалгийг ундаалан өнгрөөдөг морьд өнөөдөр уяан дээр сүргээсээ тасран хоцорсондоо бухимдсан байртай газар цавчилж хий л янцгаалан зогсоцгооно. Энэ байдлаараа уяан дээр 3 хоног зогсох бөгөөд хол газар явах морийг бэлдэж байгаа нь энэ. Харин халтар морь маань бараг л миний бодлыг уншдаг болсон шиг намайг даган бага гэрийн хажууд ирж эмээллүүлээд үхрээ уруудуулахаар би хэдэн ааруул өвөртлөөд мордоно.

     Энэ бол хангай нутгийн нэгэн өглөөний бяцхан хэсэг боловч үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж. Өглөө энэ мэт байдлаар эхлэх бөгөөд хониндоо явах, тугалаа хураах, айлын хүүхдүүдтэй уралдаж давхих, усанд сэлэхээс өгсүүлээд хурдан морь унах гэдэг бол түүнээс ч илүү гайхалтай мэдрэмжүүд байдаг. Энэ бүхэн цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар алга болж байгаа боловч миний дурсамжинд үлгэрийн орон шиг л хадгалагдан үлдсэн байдаг.

Монгол хүн болж төрснийхөө нэг завшаан болгож хөдөө айлд хэд хоног амьдраад үзвэл үнэхээр гайхалтай шүү гэж зөвлөх байна.

4 comments:

  1. Гоё бичлэг болжээ АМЖИЛТ!

    ReplyDelete
  2. Яг л зохиолч шиг бичжээ. Үнэхээр хөдөө талын үзэсгэлэн, эгэл даруу амьдралын үнэр нь ханхийж байна.

    ReplyDelete
  3. unheer saihan niitlel bn :) ushuu ih niitlel hiigeerei ;) niitlel bolgoniig chin olon dahin dawtan unshdag yrooso uidadgui :D

    ReplyDelete
  4. Sain baina uu? Bi tanai oyutnii holbooni olon olon niitlel, bichlegiig uzeed Am-rikt ochij suraltsah iheehen husel, temuulel, uram zorigiig avlaa. Gevch nadad hed heden asuudluud tulgaraad baina. Ta nadad bail haygaa ogooch? Mail haygaar chini holbogdoj baigaad tulgamdaj bui asuudluudaaraa tanias zovlogoo avah gesen ym

    ReplyDelete