2015/04/22

Ажилд орох тухай (consulting, investment banking)

Анх Wesleyan-д суралцахаар ирж байхад би эдийн засгийн мэргэжилтэйгээ холбоотой ямар нэгэн ажил хийнэ гэж боддог байсан боловч чухам ямар ажил хийхээ төдийлөн мэддэггүй байсан. Ерөнхийдөө “consultant” эсвэл “investment banker” болно гэж боддог байсан боловч хэрхэн тухайн ажилд орох ёстойгоо төдийлөн ойлголгүй явсаар 4-р курстээ орох намар жоохон сандарч байж ажилд орсон. Иймээс бусад АМОХ-ны гишүүд болон бусад Америкт сурч байгаа оюутнуудад өөрийн туршлагаас хуваалцая гэж шийдээд дараахь өөрийн гаргасан алдаа оноонуудыг бичив.




1. Төгсөөд ямар мэргэжлээр ажиллахаа аль болох эртхэн шийдэх хэрэгтэй. Мэдээж Америкийн боловсролын давуу талуудын нэг хэмээн итгэж бид нар эхний дор хаяж 2 жил юу хүссэнээ хийсний дараагаар өөрийн мэргэжлийг бодож олно гэж боддог. Гэхдээ энэ нь ямар ч төлөвлөгөөгүй, хамааралгүй олон хичээлүүдээр цагаа дүүргэ гэсэн үг биш харин ч хичээлүүдээ ухаалгаар сонгоно гэсэн үг. Миний хувьд consulting эсвэл investment banking-аар явна гэж 1-р курстээ бодож байсан болохоор эдийн засаг, математик, статистик гэсэн хичээлүүдээ шууд эхнээс авч эхэлсэн. (хажуугаар нь бүжиг гэх мэт ганц нэг хичээл авдаг байсан) Ингэж мэргэжлийн гол хичээлүүдээ эрт авснаар дадлага ажилаа эрт эхлэх, “study abroad” хийх, дараа нь өөр сонирхсон хичээлүүдээ авах, 4-р курстээ илүү сул цагтай болох гэсэн давуу талуудтай.

2. Цаг алдалгүй дадлага ажилаа аль болох эрт эхлэж, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Ажилд орохын тулд өмнө нь хийж байсан дадлага ажил болон бусад туршлага чухал байдаг. Гэтэл дадлага ажилд орохын тулд бас дахиад чамд өмнөх туршлага хэрэгтэй. Миний хувьд 1-р курсын өвөл нь банкин дээр дадлага хийгээд зун нь АМОХ-ны BUOP хөтөлбөрийг зохион байгуулсан нь дараа дараачийн дадлага ажлуудаа олоход ихээхэн тусалсан.

3. Өөр өөр төрлийн дадлага ажлуудыг 1, 2-р курстээ хийж үзэж өөрийн сонирхолоо илүү таньж мэдэх нь зүйтэй. Миний хувьд 2-р курсынхээ зун нь сургууль дээрээ багштайгаа хамтран судалгаа хийж, статистикийн эрчимжүүлсэн сургалтанд суусан нь цаашдаа consulting салбарт ороход ихээхэн хэрэг болсон. Тиймээс зөвхөн томоохон банкуудад дадлага ажил хайхаас гадна сургууль дээрээ болон өөр бусад боломжуудыг сайтар судалж үзэх хэрэгтэй.

4. Үргэлж Б төлөвлөгөөтэй бай. Заримдаа бид нар өөртөө илүү итгэж ганцхан төлөвлөгөөтэй байх үе байдаг. Жишээ нь би 3-р курсын зун хийх дадлага ажил хайж байхдаа нэгэн компанид орчихно гэж дэндүү итгэж бусад компаниудад өргөдлөө явуулалгүй орхиж байсан нь тухайн үедээ томоохон алдаа болж байсан. Тиймээс байнга олон газруудад зэрэг өргөдлөө явуулах буюу байнга Б төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

5. Өргөдлөө онлайнаар явуулаад дадлага ажилд орчихно гэж бодож байсан нь миний алдаа байсан. Ерөнхийдөө ажилд орох 2 үндсэн гэж болох арга зам бий. Эхнийх нь мэдээж өргөдлөө өгөөд хариу хүлээх. (Энэ нь илүү их эрсдэлтэйгээс гадна consulting, investment banking салбаруудад бол энэ мэтээр ажилд орох нь маш хэцүү.) Хоёр дахь арга нь таньдаг хүнээрээ дамжуулж өөрийн өргөдлийг өгөх эсвэл “refer” хийлгүүлэх. Гэхдээ дөнгөж Америкт ирсэн бидний хувьд тийм ч олон consultant, investment banker танихгүй нь мэдээж. Тиймээс таньдаг хүмүүстэй болох хэрэгтэй. (networking) Тухайлбал, сургууль дээр чинь эсвэл ойр хавийн хотод чинь болж байгаа компаниудын “info session”-д очих. Томоохон сургуулиуд дээр олон компаниуд ирж мэдээллийн шинж чанартай өдөрлөгүүд зохион байгуулдаг. Түүн дээр хүмүүстэй танилцаж нэрийн хуудсыг нь авч холбоо тогтоох хэрэгтэй. Өөр нэгэн “networking” хийх арга нь “LinkedIn” эсвэл сургуулийнхаа “alumni database” зэргийг ашиглаж өргөдөл өгч байгаа ажлын газар эсвэл ерөнхийдөө “consulting”, “investment banking” салбарт ажиллаж байгаа сургуулийнхаа төгсөгчдийг олж уулзах хэрэгтэй. Үүний тулд тэдгээр бүх хүмүүсрүү имэйл бичиж, 5 минут чамтай ярилцах завыг нь асууна гэсэн үг. Жишээлбэл, 100 хүнрүү имэйл бичихэд магадгүй 20 хүн нь имэйлд чинь хариулаад яг чамтай магадгүй 10 хүн л эцэст нь уулзаж болно. Гэхдээ үүнд шантрах хэрэггүй бөгөөд хүмүүс завгүй байдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна "networking" хаана ч хийж болно. Жишээ нь 1-р курсын өвөл би Монгол буцах замдаа онгоцонд танилцсан хүнээрээ дамжуулж тэр өвөл хийх дадлага ажлаа олж байсан. Ийнхүү холбоо тогтоосны дараа тухайн хүмүүстэйгээ холбоогоо таслахгүй байх нь бас чухал.

6. Ажилд ороход (ялангуяа томоохон банкууд) ихэвчлэн 3-р курсын зун нь дадлага хийгээд дадлагынхаа төгсгөлд ажлын санал авах үгүй нь шийдэгддэг. Тиймээс 3-р курстээ хийх дадлага ажлаа хайхдаа төгсөөд хийх ажлаа хайж байгаа гэж ойлгож маш сайтар бэлдэх хэрэгтэй. Ингэхдээ компаниуд хэзээ өргөдлөө авч, хэзээ шийдвэрээ гаргадаг болохыг сайтар судлах хэрэгтэй. Жишээлбэл ихэнх томоохон компаниуд 2016 оны зун нь эхлэх ажилчидаа 2015 оны 10 сар гэхэд аваад дуусчихдаг. Гэхдээ мэдээж зарим тохиолдолд дахиж нэмж хүн авахаар бол гэнэтийн ажлын заруудыг бас тавьдаг.

7. “Consultant” эсвэл “investment banker” болох шийдвэрээ сайтар бодож гаргах хэрэгтэй. Энэхүү шийдвэрийг гаргахад дадлага ажил, тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэгдэл, чиний сонирхол зэрэг чухал үүрэг гүйцэтгэнэ. Миний хувьд би Лондон болон Амстердамд суралцаж байхдаа тухайн хотуудад санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан олон Wesleyan-ий төгсөгчидтэй уулзаж ярилцаж байсан нь надад ихээхэн тус болсон. Тухайн салбарт 10, 20 жил ажиллаж туршлага хуримтлуулсан хүмүүсээс тэдгээрийн бодлыг асууж зөвлөгөө авах нь урт хугацааны төлөвлөгөөнд чинь их хэрэг болдог. Мөн 7 хоногт ойролцоогоор 80-100 цаг ажиллах чадвар болон сонирхол байгаа эсэх талаараа сайтар бодох хэрэгтэй.

8. “Mentor” буюу “зөвлөх”-тэй болох. Олон Америк оюутнууд дунд сургуулиасаа хойш зөвлөхтэй байдаг. Тэрхүү зөвлөх нь чиний сонирхож буй салбарт ажиллаж байгаа хүн байх хэрэгтэй бөгөөд чамайг ярилцлаганд бэлдэх, тухайн салбарын талаар илүү мэдээлэл авах гээд маш олон ач холбогдолтой байж болно. Миний хувьд Лондонгийн нэгэн томоохон хуулийн фирмийн санхүүгийн захирал хийдэг хүнтэй уулзаж байхад надад боломж бүрийг алдалгүй атгаж бай гэж зөвлөсөн юм. Ярианы эцэст нь би та миний “зөвлөх” болооч гэж асуухад инээгээд маш сайн байна, үүн шиг байх хэрэгтэй гээд зөвшөөрч байсан.

9. Эцэст нь хэлэхэд энэ нийтлэл нь зөвхөн “санамж” төдий бөгөөд үүнээс илүү ихийг хайж олж, уншиж мэдэх нь чухал. Яг энэхүү сэдвээр маш олон ном, интернет форумууд, сайтууд, workshops, оюутны клубүүд байгааг олж мэдээрэй. Доор би зарим нэг хэрэг болно гэж бодсон номнууд, клубүүд болон сайтуудыг орууллаа.

WSO Networking Guide
WSO Technical Guide
Vault Guide - Finance Interviews 101
Vault Guide - Investment Banking 101
Leaders Global Network (worldwide network) - http://www.leadersgn.com/
http://www.mergersandinquisitions.com/
http://www.wallstreetoasis.com/

2 comments:

  1. mash heregtei zovlogoo bn bayrlalaa bas boduushtai zuils helsen bn bi bas yg yu hiihee medehgui yvsaar bgaad tugschihloo odoo tgd ajil olnoooo l getsen bga hahah ertnees bodoj tolovloh heregtei ym bnlee dun dun diplom gd guiged baidag hajugaar ni bas yu hiihev gdgee dotroo bodjil yvah heregtei ym bn zaluusa

    ReplyDelete